Буриадад хүйтэн байсны улмаас тариалалтын ажил долоо хоногоор хожуу эхлэв
2024 онд 139,9 мянган га талбайд төлөвлөгөөт тариалалт хийнэ.
Буриадын хөдөө аж ахуй эрхлэгчид цаг агаар хүйтэн сэрүүн байснаас шалтгаалж улмаас тариалалтын ажлаа долоо хоногоор хожуу эхэлжээ. Буриадын ХААХЯ-ны сайд Галсан Дареев энэ тухай мэдээлсэн байна.
"Өнгөрсөн онд цаг агаар тааламжтай байсны ачаар бид ургац сайн авсан. Энэ жил хавар урт сунжирч, өвөл хүйтэн байсны улмаас Хиагтын, Жиддийн зэрэг өмнөд нутгууд руу цас их орсон. Тиймээс бид тариалалтаа долоо хоногийн хожуу эхлүүлсэн, бас сайн ургац авахад чухал дулаан өдрүүд цөөн байх вий гэж болгоомжилж байна,- гэж Дареев мэдээллээ.
Гэвч технологи болон техникийн шинэчлэл дэм болно гэж сайд найдаж байна. “Цаг агаар 25 хувийн нөлөөтэй, бусад нь технологи, хүний хүчин зүйлээр шийдэгддэг. Бид техникийн паркаа эвдрэл сааталгүй, сул зогсолтгүй ажиллах хэмжээнд сайтар шинэчилсэн. Ажлын бүтээмж өндөртэй, хүчирхэг ажиллагаатай өндөр хүчин чадлын тракторууд, ХАА-н машинууд, суулгалтын цогцолборууд энд багтаж байгаа юм”,- гэж Дареев тэмдэглэн хэлэв.
Хөдөө аж ахуйн 2000 нэгж техник талбайд гарсаны дотор 770 гаруй трактор, үрсэлгээний 70 цогцолбор байгаа бол, 400 шахам анжис, 585 хөрс бутлагч, сийрүүлэгч болон 322 үрлэгч байна.
2024 оны төлөвлөгөөт тариалалтын талбай 139,9 мянган га байгаа нь өнгөрсөн оныхоос 17,8 хувиар илүү байна. Тэжээлийн ургамал суулгалтын хэмжээ 38 хувир нэмэгдэж 52,5 мянган га болно. Үр тариа болон буурцагт ургамлын тариалалт 75,9 мянган га-д тариалах бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 9,4 хувиар их байна. Техникийн болон тосны ургамал рапс, маалингын тариалалт 3,2 мянган га байгаа нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 20 дахин нэмэгдсэн байна. Хүнсний ногооны суулгацын талбайн хэмжээ 3 хувиар нэмэгдэж, 1,3 мянган га байх бол, өнгөрсөн улиралтай адил 7,1 мянга га-д төмс тариална.
Тариалалтын аян
Буриад улс хаврын уринш бэлтгэлээ хангаж, аж ахуйнууд үрээ, эрдэс бордоогоо базаасан байсан гэдгийг Дареев мөн тэмдэглэв.
“Энэ нь үр тарианы болон тэжээлийн ургамлын 26 мянга орчим тонн үр, төмсний 3,7 мянган тонн, хүнсний ногооны 8 мянган тонн үр гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу 4 мянган тонн эрдэс бордоо бэлдсэн байх ёстойгоос нэг хэсгийг хэдийнэ худалдан авсан, үлдсэн хэсгийг зургадуур сард багтаан худалдан авалт хийсэн байх болно”,- гэж сайд мэдээлжээ.
Хөдөө аж ахуйн ажил 1,7 мянга тонн гаруй түлш нөөцөлсөн байна.
2024 онд Бүгд найрамдах улсын ургамал тариалалтын хөгжилд Холбооны болон бүс нутгийн төсвөөс 482,4 сая рубль хуваарилсны дотор хаврын талбайн ажилд 266,1 сая рубль гаргажээ. “Энэ хөрөнгө үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын химийн бодисууд, шатах тослох материал болон үр тариа, тэжээлийн ургамал тариалсан талбайд дахь хөрсний чанар, үржил шимийг сайжруулах ажилд зарцуулагдана”,- гэж Дареев хэллээ.
Өнгөрсөн онд Буриад улс 140,6 мянган тонн үр тарианы түүхэн дээд хэмжээний ургац авсан нь 2022 оныхоос 20 хувиар өссөн хэмжээ юм. Энэ нь тус Бүгд найрамдах улсын сүүлийн 23 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Үр тарианы ургамлын ургацын түүхэн амжилтыг 20,7 га/ц болгож шинэчилжээ.




















