Монгол дахь эрэн хайгчид Халхын голоос зөвлөлтийн хоёр цэргийн шарилын үлдэгдлийг олжээ
Экспедицийн оролцогчид бас гурван япон цэргийн шарилын үлдэгдлийг олсон талаараа “Эрин цаг, үеүдийн холбоо” сангаас мэдээлсэн байна.
Улаан армийн хоёр цэргийн шарилын үлдэгдлийг "Халхын гол. Манай алдар гавьяаны тухай” хэмээх олон улсын эрэн хайх экспедицийн гишүүд ажиллагааныхаа эхэнд олж илрүүлжээ. “Эрин цаг, үеүдийн холбоо” сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Губернаторова энэ тухай мэдээлсэн юм.
- "Манай экспедици эхнээсээ үр дүнгээ үзүүлж байна. Эрэн хайгчдын баг Улаан армийн хоёр дайчны шарилын үлдэгдлийг олсон. Нэгнээс нь Осоавиахим буюу Батлан хамгаалах, нисэх болон химийн барилгын хүчинд туслах нийгэмлэгийн тасалба олдсон. Гэвч цаас нь үнгэгдэж салбарсан учир нэр овог нь уншигдах аргагүй болсон байлаа", -гэж сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ярив.
Мөн тэрээр энэ 5 дугаар сарын 21-нд Халхын гол дахь экспедиц ажиллаж байгаа газар дээр Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиков очно гэдгийг нэмж дурджээ. Эрэлчид олдсон зөвлөлтийн дайчдын үлдэгдлийг түүнийг байлцуулан өргөж гаргах юм байна. Түүнээс гадна хайгчид гурван япон цэргийн үлдэгдлийг мөн илрүүлжээ.
"Амь үрэгдэгсдийг эрэн хайхаас гадна Халхын голын район дахь манай цэргүүдийн мэдэгдэж танигдаагүй булшууд, зөвлөлтийн цэргүүдийн хөшөө дурсгалуудыг цэвэрлэх нь манай нэг зорилго байдаг. Энэ жил экспедицийн бүлэг ОХУ, Белорусс, Казахстан, Монголын эрэн хайгчид болон эрдэмтдээс бүрдэж байна. Энд Оросын 11 бүс нутгийн төлөөлөл багтсан”, - гэдгийг Губернаторова тэмдэглэн хэлэв.
2000 гаруй сураггүй бологсод бий
Халхын голд зөвлөлтийн 2000 гаруй цэрэг сураггүй болсонд тооцогддог. “Эрин цаг, үеүдийн холбоо” нэртэй соёл-түүхийн өвийн сангийн болон “Авангард” механикжсан хайгуулын нэгдүгээр отрядын гишүүд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлгийн сан болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгээр гурав дахь экспедицээ хэдийнэ зохион байгуулжээ. 2019 болон 2023 онуудад явагдсан эхний хоёр экспедицийн явцад байлдааны ажиллагааны бодит байдлыг тодруулах, хайгуулын бүсийг олж тогтоох ажлууд хийгдсэн байна. Мөн анхны экспедицээр бүртгэгдээгүй хэд хэдэн булш, зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцны сэг зэмийг илрүүлжээ. Тус экипажийн бүх гурван гишүүний нэрийг мөн тодруулж чадсан байна. Мөн эхний аянуудын дүнд Улаан армийн 14 дайчин болон хоёр монгол цэргийн үлдэгдлийг олж оршуулжээ. 2024 онд эрэн хайх ажил 5 дугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
В сюжете: МонголияРоссияСССРХалхин-Гол


















